Том мод унаж байшин хагас нурж, автомашин дарагдсан тул хүний амь аврах ажиллагаа ар араасаа үргэлжлэв
Ус цэвэршүүлэх байгууламжийн цахилгаан тасалдсаны улмаас 1.9 сая оршин суугчид ус хэмнэх тушаал өгч… зарим замыг үерт автсан тул хаажээ
Талархлын баярын өдөр буюу 26-ны пүрэв гарагт эргийн хүчтэй шуурга Вашингтон хот болон Мэрилэнд, Виржиниа мужуудыг дайран өнгөрсний улмаас хүчтэй салхинд унасан том моднууд байшин, автомашиныг дарж, томоохон хэмжээний цахилгаан тасран, зам үерт автах зэргээр баярын өдрүүдэд тухайн бүс нутагт ихээхэн хохирол учирлаа.
Орон нутгийн гал түймэртэй тэмцэх албаныхны мэдээлснээр, тухайн өдрийн өглөөний 08:15 цагийн орчимд Мэрилэнд мужийн Кенсингтон дахь Гайгер өргөн чөлөөний (Geiger Ave.) нэгэн байшин дээр 4-5 фут диаметрийн хэмжээтэй асар том мод унажээ. Энэхүү ослын улмаас байшингийн дээвэр болон гадна хана нурж, унтлагын өрөө нь бүрэн сүйдсэн байна. Азаар гэрийн эзний гэр бүл унтлагын өрөөнд байгаагүй тул аюулаас мултарч чаджээ. Ойролцоох оршин суугч Мэри Жо Мун тухайн үеийн нөхцөл байдлыг дүрслэн ярихдаа: "Хар салхи ирж байна гэж бодоод подвал руу зугтах гэж байсан. Байшин үгийн шууд утгаараа таллан хуваагдсан аймаар дүр зурагтай байсан" гэжээ. Мөн Силвер Спрингийн Ломбарди Роудод ч том мод байшин дээр унаж, гэр дотроо түгжигдсэн хоёр иргэнийг дуудлагаар ирсэн гал сөнөөгчид эсэн мэнд аварсан байна.
Виржиниа мужид ч хохирлын хэмжээ их байлаа. Өглөөний 07:00 цагийн дараахан Арлингтон тойргийн Жорж Вашингтон Парквэйн урд чиглэлийн зам дээр явж байсан машин дээр мод унаж, жолооч машиндаа түгжигдсэн боловч гал түймэртэй тэмцэх албаныхны аврах ажиллагааны үр дүнд эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байна. Амь насанд нь аюулгүй байгаа аж. Принс Уильям тойргийн Лейк Риж болон Дэйл Сити орчимд мөн гудамжны мод унасан, цахилгаан тасарсан тухай дуудлагууд тасралтгүй иржээ. Цахилгаан хангамжийн Доминион Энержи (Dominion Energy) компани "Хүчтэй салхи, аадар борооны улмаас цахилгааны шонгууд хугарч, цахилгааны шугам дээр том моднууд унасан тул сэргээн босголтын ажилд хэдэн өдөр шаардагдах төлөвтэй байна" гэж мэдэгдэв.
Далайн эргийн дагуух барилга байгууламжууд ч хохирол амссан хэвээр байна. Мэрилэнд мужийн Оушен Ситид өглөөний 08:30 болон өдрийн 12:45 цагийн орчимд Атлантик өргөн чөлөөний ойролцоох орон сууц зэрэг дор хаяж хоёр барилгын дээвэр хүчтэй салхинд хуулран хийсэж, нуранги нь эргэн тойронд цацагджээ.
Энэхүү шуурганы улмаас томоохон хэмжээний цахилгаан тасарснаар ундны усны хангамжид ч мөн ноцтой хүндрэл үүсээд байна.
Мэрилэнд муж улсын Монтгомери тойрог болон Принс-Жоржс тойрог дахь ус цэвэршүүлэх байгууламжуудын цахилгаан хангамж түр тасалдсаны улмаас Вашингтоны захын эрүүл ахуйн хороо (WSSC Water) харьяа бүс нутгийнхаа 1.9 сая оршин суугчдад хандан "Зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд ус ашиглах"-ыг яаралтай уриалснаар олон өрх баярын өдрүүдийг харанхуй, тав тухгүй нөхцөлд өнгөрүүлэв.Аадар борооны улмаас замууд усанд автсан нь замын хөдөлгөөний эмх замбараагүй байдлыг улам бүр даамжрууллаа. Вашингтон хотын зүүн өмнөд хэсгийн Саут Капитол гудамж болон Пөрс Стерлинг өргөн чөлөө орчмын бохир ус зайлуулах шугамын хүчин чадал хэтэрч, борооны ус хальж урссаны улмаас оройн 17:30 цагаас эхлэн хоёр чиглэлийн хөдөлгөөнийг бүрэн хаажээ. Мөн Виржиниа муж улсын Александриа дахь Жорж Вашингтоны нэрэмжит дурсгалын замын зорчих хэсэг оройн 20:00 цагийн орчимд усанд автаж, хэд хэдэн автомашин гацсаны дараа шөнийн 22:00 цагийн үед л хөдөлгөөн хэвийн үргэлжилж эхэлсэн байна.