Мужийн төсвийн захирал 24 тойргийн боловсролын газарт албан бичиг илгээв
Боловсролын шинэчлэлийн "Блюпринт" хуулийн санхүүжилт шавхагдаж байна... Ирэх 5 жилд алдагдал 16 тэрбум долларт дөхнө
Мужийн захирагч Мур болон мужийн хууль тогтоох байгууллагын удирдлагууд урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авахаар ажиллаж эхлэв
Ирэх онд ойролцоогоор 3 тэрбум долларын татварын орлогын томоохон хомсдолтой тулгараад буй Мэриленд мужийн захиргаа мужийн бүх улсын сургуулийн боловсролын газруудад 2028 оны төсвийн жилийг энэ жилийн түвшинд царцааж төлөвлөхийг албан ёсоор хүсэлт болголоо.
Мэриленд мужийн Төсвийн газрын дарга Яков "Жейк" Вайссман энэ сарын 22-нд мужийн харьяа 24 тойргийн боловсролын газарт захидал илгээн энэхүү байр сууриа уламжилсан байна. Тэрээр захидалдаа "Мужийн захиргаа нийтийн боловсролыг дэмжиж ирсэндээ бахархдаг ч ирэх санхүүгийн жилүүдэд хүнд хэцүү шийдвэр гаргах бодит байдалтай тулгараад байна" хэмээгээд "Төсөв боловсруулах үйл явцын урьдчилан таамаглах боломжийг хангах үүднээс 2028 оны төсвийн жилийг 2027 оны төсвийн жилд хуваарилсан хэмжээнд суурилан боловсруулахыг хатуу зөвлөж байна" гэж мэдэгджээ.
Мужийн захиргаа боловсролын төсвийг хязгаарлах хатуу арга хэмжээ авахад хүрсэн шалтгаан нь цасан бөмбөг мэт өссөн бүтцийн төсвийн алдагдал юм. Мэриленд муж ирэх оны 3 тэрбум долларын хомсдолоос эхлэн 2028 оноос 2032 оны төсвийн жил хүртэлх 5 жилийн хугацаанд нийт төсвийн алдагдал 16 тэрбум долларт дөхнө гэж тооцоолж байна. Энэ нь одоогийн төсвийн жилийн ерөнхий сангийн төсвийн хагасаас давсан асар их хэмжээ юм. Үүнээс өмнө захирал Вайссман өнгөрсөн 9 дүгээр сард мужийн захиргааны харьяа бүх яам, агентлагуудад ирэх оны төсвийн хүсэлтээ ойролцоогоор 3%-аар бууруулах, сайд нарын түвшний байгууллагуудад 10% хүртэл танах хувилбарт бэлтгэхийг үүрэг болгож байсан юм.
Санхүүгийн нөхцөл байдал доройтох гол шалтгаанаар боловсролын томоохон шинэчлэлийн хөтөлбөр болох "Мэрилендийн ирээдүйн төлөөх Блюпринт (Blueprint for Maryland’s Future)" төслийн өсөн нэмэгдэж буй шаардлагатай төсөв нэрлэгдэж байна. Үүнийг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилгоор тусад нь хуримтлуулсан сан ирэх онд бүрэн шавхагдах тул цаашид мужийн ерөнхий сангаас жил бүр хэдэн тэрбум долларын төслийн зардлыг шууд нөхөх шаардлагатай болоод байгаа юм.
Үнэн хэрэгтээ, Мэриленд муж 2020-2027 оны төсвийн жилийн хооронд ерөнхий боловсролын (K-12) улсын сургуулиудын дэмжлэгийн хөрөнгийг 45% (3.2 тэрбум доллар)-аар нэмэгдүүлсэн бөгөөд зөвхөн энэ онд л гэхэд орон нутгийн засаг захиргаадад 10.1 тэрбум доллар хуваарилжээ. Хүүхэд харах үйлчилгээний татаасын нэмэгдлийг тооцвол боловсролын салбарт нэмэгдсэн дүн 3.7 тэрбум долларт хүрч байгаа юм.
Үүн дээр эдийн засгийн уналтаас үүдэлтэй татварын орлогын зогсонги байдал давхар нэрмээс болж байгаа бөгөөд муж улсын төсвийн шинжээчид эдийн засаг бага зэрэг саарахад л ирэх дөрвөн жилд төсвийн алдагдал дахин нэг тэрбум доллароор нэмэгдэхийг анхааруулав.Иймд тус муж улсын удирдлагууд болох амбан захирагч Уэс Мур (Ардчилсан нам), Мужийн Сенатын ерөнхийлөгч Билл Фергюсон (Ардчилсан нам, Балтимор хот), Мужийн Төлөөлөгчдийн танхимын дарга Жоселин Пенья-Мельник (Ардчилсан нам, Принс Жорж болон Анн Арундел тойрог) нар ирэх оны нэгдүгээр сард эхлэх 2027 оны Мужийн хууль тогтоох байгууллагын чуулганаар зардлын бүтцийг эрс өөрчлөх болон урт хугацааны санхүүгийн арга хэмжээнүүдийг хэлэлцэхээр тохиролцжээ. Сенатын ерөнхийлөгч Фергюсон саяхан Мэрилэндийн худалдааны танхимд үг хэлэхдээ "Богино хугацааны арга хэмжээгээр хязгаарлагдвал жил бүр л тодорхойгүй байдал давтагдах болно" гээд "Төрийн бүх салбарт хүндрэлийг хуваалцах, амаргүй сонголт хийх шаардлага тулгарсан ч бүтцийн алдагдлыг арилгах бодитой 4 жилийн санхүүгийн эрүүлжүүлэх төлөвлөгөө боловсруулах нь энэ удаагийн чуулганы нэн тэргүүний зорилт байх болно" гэдгийг онцлов.
