Лортон бүсийн Хагел Серкл орчмын сурагчдыг Хэлли бага сургуулиас Лортон Стейшн бага сургууль руу шилжүүлэн хуваарилах төлөвлөгөө боловсруулагдлаа
30 гаруй жилийн дараах иж бүрэн шинэчлэлийн үр дүн… Ирэх оны нэгдүгээр сард Боловсролын зөвлөлийн эцсийн санал хураалтаар шийдвэрлэж, дараагийн хичээлийн жилээс хэрэгжүүлнэ
Виржиниа муж улсын Фэйрфакс тойргийн улсын сургуулиудаас (FCPS) хэрэгжүүлж буй сургуулийн харьяаллын бүсийн өөрчлөлтийн төсөл батлагдвал тус дүүргийн 120 гаруй бага сургуулийн сурагчийн хичээлдээ явах хугацаа мэдэгдэхүйц богиносох төлөвтэй байна.
Фэйрфакс тойргийн Боловсролын газраас Лортон (Lorton) бүсийн Хагел Серкл (Hagel Circle) орчимд оршин суудаг 123 орчим бага сургуулийн сурагчийг одоогийн суралцаж буй Хэлли (Halley) бага сургуулиас ойролцоох Лортон Стейшн (Lorton Station) бага сургууль руу шилжүүлэн хуваарилах хувилбарыг хэлэлцэж байна. Гэхдээ уг төсөл батлагдсан ч тухайн бүсийн сурагчдын дунд болон ахлах сургуулийн харьяалал өөрчлөгдөхгүй, хэвээр хадгалагдах юм.
Энэхүү шийдвэр нь гэрийнхээ ойролцоо олон бага сургуультай хэдий ч хол зайтай сургууль руу явахаас өөр аргагүй байсан эцэг эхчүүдийн удаа дараагийн гомдол, хүсэлтийн үр дүн юм. FCPS-ийн Тэгш боломжийг хариуцсан тэргүүн захирал (Chief Equity Officer) Нардос Кинг хэлэхдээ: “Тус бүсийн зарим бага сургуулийн сурагчид Хэлли бага сургууль хүртэл явахад 45-50 минут зарцуулдаг бөгөөд энэ замдаа гэртэйгээ хамаагүй ойрхон хэд хэдэн бага сургуулийг дайран өнгөрдөг байсан. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ гэртээ илүү ойр сургуульд суралцуулахыг байнга шаардаж ирсэн” гэж тайлбарлав.
Сургуулийн харьяаллын бүсийг шинэчлэн тогтоох энэхүү ажил нь Фэйрфакс тойргийн Боловсролын газраас сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд анх удаа дүүргийн хэмжээнд иж бүрэн хийж буй сургуулийн хилийн бүсийн шинэчлэлийн нэг хэсэг юм. Захирал Кинг “Энэ бол орон нутгийн иргэд, боловсролын газрын барилга байгууламжийн баг болон тусгай ажлын хэсэг хамтран зөвшилцөж гаргаж ирсэн хамгийн оновчтой шийдэл” хэмээгээд “Боловсролын газрын дарга ирэх оны нэгдүгээр сард уг хувилбарыг Боловсролын зөвлөлийн хэлэлцүүлэгт оруулах магадлал өндөр байна” гэж мэдэгдэв.
Маунт Вернон тойргийн Боловсролын зөвлөлийн гишүүн Матео Данны эцэг эхчүүдэд танилцуулсан хуваарийн дагуу, Боловсролын газрын дарга энэ оны 12 дугаар сард Боловсролын зөвлөлд өргөн барих эцсийн зөвлөмжийг эцэслэн боловсруулж, ирэх оны нэгдүгээр сард албан ёсоор нийтэд зарлах юм. Улмаар нэгдүгээр сард багтаан Боловсролын зөвлөлийн эцсийн санал хураалтаар уг асуудлыг баталбал дараагийн хичээлийн жилээс эхлэн сургуулийн шинэ харьяаллын бүсийг албан ёсоор мөрдөж эхэлнэ.
Нөгөөтэйгүүр, Фэйрфакс тойргийн Боловсролын зөвлөл хүн амын огцом шилжилт хөдөлгөөн, сургуульд явах нөхцөл байдалд урьдчилан хариу арга хэмжээ авахын тулд өнгөрсөн үеийнх шиг 30 гаруй жил орхигдуулахгүйгээр цаашид 5 жил тутамд сургуулийн бүсчлэлийн хилийг тогтмол эргэн харж, шинэчилж байх тогтолцоог хэвшүүлэхээр шийдвэрлэжээ.Энэхүү зохицуулалтын төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг FCPS-ийн албан ёсны вэбсайт дахь Сургуулийн тойргийн судалгаа (Boundary Study) хуудаснаас үзэх боломжтой.
