Вашингтон хотын нийтийн хоолны бизнес эрхлэгч Шон Лайтфут шуудангийн хайрцаг, данс руу нэвтэрч бусдын нэрийг хууль бусаар ашиглажээ

Хохирогчийн нэр дээр зээлийн карт нээлгэж, өөрийн бизнесийн санхүүжилтэд ашигласан хэрэгт буруутгагдав

Сэжигтэн “Хохирогчийг байлцуулан ажлыг нь төлөөлөн гүйцэтгэсэн” гэж мэдүүлсэн бөгөөд хохирогчид ойртохгүй байх нөхцөлтэйгөөр суллагджээ

Вашингтон хотын нийтийн хоолны бизнес эрхлэгч хажуу айлынхаа 70 гаруй насны хөгжлийн бэрхшээлтэй дайны ахмад дайчны итгэлийг урвуулан ашиглаж, 150 мянган ам.долларын хөрөнгийг завшиж шамшигдуулсан хэргээр холбооны шүүхэд яллагдагчаар татагдлаа.

Холбооны прокурорын газраас 17-ны өдөр Вашингтон хотын тогооч Шон Лайтфутыг (62 настай) баривчилж, банкны луйвар, хүндрүүлэх нөхцөлтэйгээр бусдын нэрийг хууль бусаар ашигласан болон өндөр настныг санхүүгийн хувьд мөлжсөн гэх тус бүр нэг зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн байна. Хохирогч нь Вьетнамын дайнд шархдаж, шархадсан цэргийн албан хаагчийн одон болох “Purple Heart” (Нил ягаан зүрх) хүртсэн 78 настай өндөр настан дайчин болох нь тогтоогджээ.

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар, Лайтфут нь хөрш зэргэлдээ амьдардаг хохирогчийн гүн итгэлийг урвуулан ашиглаж, түүний шуудангийн хайрцаг, банкны данс, хөгжлийн бэрхшээлийн тэтгэвэр (disability payments) болон хувийн мэдээлэл рүү нууцаар нэвтэрсэн хэрэгт буруутгагдаж байна.

Мөрдөн байцаалтаар Лайтфут ийнхүү олж авсан хохирогчийн хувийн мэдээллийг хууль бусаар ашиглан олон тооны зээлийн карт дур мэдэн нээлгэж, улмаар хохирогчийн хөрөнгийг өөрийн удирддаг “Das Food”, “Artdrenaline”, “Let-Us” зэрэг олон бизнесийн байгууллага руу шилжүүлэн шамшигдуулсан болох нь илэрчээ. Мөн эдгээр дансыг нээх явцад Лайтфут өөрийн хувийн цахим шуудангийн хаяг болон утасны дугаарыг ашигласан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Харин Лайтфут өөрт тулгасан хэргийг үгүйсгэж байгаа юм. Яллах дүгнэлтэд тэмдэглэснээр, тэрээр мөрдөн байцаалтын явцад “Хохирогчтой нэг өрөөнд хамт сууж байх үедээ түүний өмнөөс утсаар ажлыг нь амжуулж өгсөн төдий” хэмээн мэдүүлсэн байна.

Лайтфутыг баривчлагдсан өдөр буюу 17-ны өдөр хувийн батлан даалтаар (personal recognizance bond) сулласан бөгөөд шүүхээс шүүх хуралдаан дуусах хүртэл түүнд хохирогчтой уулзах, ойртохыг хориглосон шийдвэр гаргажээ.