Мэрилэнд муж улсын Принс Жоржс тойргийн зөвлөл хуучин "Ландовер молл" (Landover Mall)-ын буурин дээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан томоохон дата төвийн бүтээн байгуулалтын төслийг үндсэндээ хүчингүй болгох хуулийн төслийг гэнэт баталлаа. Энэ нь дата төвийн шинэ бүтээн байгуулалтыг царцаах (моратори) арга хэмжээг сунгаснаас хойш гуравхан сарын дараа авч буй шийдэмгий алхам юм.

Тойргийн зөвлөл өнгөрсөн 27-ны өдөр хуралдаж, орон сууцны хорооллын ойролцоо дата төв барих зөвшөөрлийн журмыг чангатгах, мөн өмнө нь олгогдсон зөвшөөрлүүдийг дахин хэлэлцэх тухай захирамжийн төслийг баталжээ.

Энэхүү хуулийн төсөл нь Ландовер моллын талбайд хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан "Брайтсит парк" (Brightseat Park) дата төвийн төслийг шууд чиглэсэн байна. Тойргийн зөвлөл 2021 онд дата төвийг түргэн хугацаанд татан төвлөрүүлэх нэрийдлээр зөвлөлийн зөвшөөрөл олгох эрхийг алгасах боломжит цоорхойг үүсгэсэн бөгөөд энэ нь хүн ам шигүү суурьшсан бүсэд дата төв баригдахад хүргэсэн сөрөг үр дагавар авчирсан хэмээн шүүмжлэлд өртөөд байсан юм.

Тус тойргийн гишүүн Шейла Адамс Стаффорд санал хураалтын дараа хэлэхдээ, "2021 онд бий болгосон хуулийн цоорхойн улмаас орон сууцны хороололтой хаяа дэрлэх Ландоверын бүсэд дата төв баригдах эрсдэл үүсээд байсан" гээд, "Шинэ хуулийн дагуу Брайтсит паркийн өргөдлийг зөвлөлөөр дахин хэлэлцэх шаардлагатай бөгөөд иргэдийн хүчтэй эсэргүүцлийг харгалзан үзвэл энэ нь уг төсөл үндсэндээ зогссон гэсэн үг" хэмээн цохон тэмдэглэв.

Шинээр батлагдсан журмын дагуу цаашид дата төв барих бүх өргөдөлд тухайн орчны газар ашиглалтын хэлбэрийг иж бүрэн харгалзан үзсэн нарийвчилсан төлөвлөгөөг заавал хавсаргах шаардлагатай болж байна. Үүнээс гадна иргэдийн нээлттэй хэлэлцүүлэг зэрэг олон нийтийн хяналтын нарийн шалгуурыг давж, эцсийн шатанд тойргийн зөвлөлөөс заавал зөвшөөрөл авахаар журмыг чангатгажээ.

Энэхүү хууль тогтоомж нь ойр орчмын оршин суугчдын ширүүн эсэргүүцлийн үр дүнд хийгдсэн арга хэмжээ юм. Оршин суугчдын эсэргүүцлийн дуу хоолой хүчтэй болсны улмаас тойргийн зөвлөл анх 2025 онд дата төвийн бүтээн байгуулалтыг түр зогсоох моратори зарлаж байсан билээ. Тухайн үед зөвлөлийн гишүүд нөхцөл байдал даамжрах хүртэл тус бүтээн байгуулалтын төлөвлөгөөний нарийн ширийн мэдээллийг ч мэдээгүй байсан нь тодорхой болсон юм.

Нөгөөтэйгүүр, Брайтсит парк төсөл нь 2021 онд анх зөвшөөрөл авснаас хойш барилгын ажил эхлэхийн өмнөх захиргааны журмын явцад төрөл бүрийн санал зөрөлдөөнтэй тулгаран саатсаар иржээ. Энэхүү захирамжийн төсөл батлагдсанаар уг төсөл эхлэлийн цэгтээ эргэн очиж байгаа тул Мэрилэнд муж дахь дата төвүүдийг замбараагүй байдлаар барьж байгуулах явдлыг хязгаарлах бодлого улам чангарах төлөвтэй байна.