Норт Бетесда – Френдшип Хайтс чиглэлийн 3 өртөө хэвийн ажиллаж эхэллээ

Замын тэмдэглэгээг арилгаж, гудамжны зогсоолуудыг сэргээснээр ажил цуглах, тарах үеийн хөдөлгөөн сайжирна

Вашингтоны метроны (DC метро) Улаан шугамын зарим хэсгийн зуны засварын ажил дуусаж, өртөөнүүдийн үйл ажиллагаа сэргэсэнтэй холбогдуулан түр хугацаанд ашиглаж байсан автобусны тусгай эгнээг буулгах ажил эхэллээ.

Энэ сарын 8-ны өдөр Мэрилэнд мужийн Тээврийн газар (MDOT SHA) Хөдөлмөрчдийн баярын амралтын дараахан Метроны Улаан шугамын 3 өртөөний үйл ажиллагаа жигдэрсэнтэй холбогдуулан Норт Бетесдаг Френдшип Хайтстай холбосон 355-р зам (MD 355) дээрх түр автобусны тусгай эгнээг татан буулгах ажилдаа орсон тухай мэдэгдэв.

Энэхүү ажил нь засварын хугацаанд метроны оронд үнэгүй чиглэлийн автобус явуулахаар тусгаарласан ойролцоогоор 7.5 эгнээ-миль (lane-miles) урттай хэсгийн замын тэмдэглэгээ, тэмдгүүдийг арилгах арга хэмжээ юм. Тээврийн албаныхан иргэдэд үүсэх түгжрэл, хүндрэлийг аль болох багасгах үүднээс шөнийн цагаар ажиллаж байгаа бөгөөд ирэх баасан гараг гэхэд ажлаа бүрэн дуусгахаар төлөвлөж байна.

Автобусны тусгай эгнээг татан буулгах ажил дуусмагц тухайн бүсийн хуучин гудамжны зогсоолуудыг мөн үе шаттайгаар сэргээнэ. Бетесда хотын төв зэрэг зарим хэсэгт одоогоор зогсоолын төлбөрийн тоолуурыг бүтээсэн байгаа ч замын шугам тэмдэглэгээг шинэчлэн зурж дууссаны дараа дахин зогсоол ашиглахыг зөвшөөрөх төлөвтэй байна.

Орон нутгийн Тээврийн газрын албаны хүн "Одоогоор замын тэмдэглэгээг арилгах ажил хийгдэж байгаа хэдий ч тухайн хэсгийн бүх эгнээг бүх энгийн тээврийн хэрэгсэлд бүрэн нээсэн тул баярын дараах ажил цуглах, тарах үеийн замын хөдөлгөөн мэдэгдэхүйц саадгүй болсон" гэж мэдээлэв.