Холбооны шүүхээс орон нутгийн засаг захиргаа болон АНУ-ын Цагаачлал, гаалийн хяналтын алба (ICE)-ны хоорондын хамтын ажиллагааг хязгаарлах зорилготой Виржиниа муж улсын шинэ хуулийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлэх (урьдчилсан хориг арга хэмжээ авах) шийдвэр гаргалаа. Үүний дагуу өмнө нь байгуулагдсан холбооны цагаачлалын албадлагын хамтын ажиллагааны хөтөлбөрүүд шүүхийн маргаан үргэлжлэх хугацаанд ямар нэгэн саадгүйгээр хэвээр үргэлжлэх төлөвтэй байна.
Ричмонд хот дахь АНУ-ын Холбооны тойргийн шүүхийн ахлах шүүгч Роберт Пейн (Robert Payne) өнгөрсөн 8 дугаар сарын 31-нд Виржиниа мужийг шинэ хуулийнхаа гол заалтуудыг холбооны цагаачлалын ажилтнууд болон холбооны агентлагуудад хэрэгжүүлэхийг хориглож, өмнөх "287(g) Холбооны цагаачлалын хэлэлцээр"-ийг зөрчихгүй байхыг даалгасан урьдчилсан хориглох захирамж (Preliminary Injunction) гаргажээ.
287(g) хэлэлцээр нь зохих сургалтад хамрагдсан муж болон орон нутгийн цагдаагийн алба хаагчдад холбооны цагаачлалын хяналт шалгалтын зарим эрх мэдлийг шилжүүлдэг тогтолцоо юм. Өмнө нь Виржиниа мужийн хууль тогтоох байгууллага одоо мөрдөгдөж буй хэлэлцээрүүдэд 9 дүгээр сарын 1-ний дотор шүүхийн зөвшөөрлийг заавал авсан байх, сургууль, шашны байгууллага, шүүхийн ойролцоо баривчлах ажиллагаа явуулахыг хязгаарлах зэрэг 12 хатуу нөхцөлтэйгөөр гэрээгээ шинэчлэхийг шаардаж, биелүүлээгүй тохиолдолд хэлэлцээрийг хүчингүй болгохоор заасан байсан юм.
Гэвч Холбооны шүүхийн энэхүү шийдвэрийн үр дүнд өмнө нь 287(g) хэлэлцээр байгуулсан байсан орон нутгийн захиргаанууд өөрчлөлт оруулахгүйгээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой боллоо. Харин шүүх бүрэлдэхүүн одоо байгаа хэлэлцээрийг хэвээр үлдээхийг зөвшөөрсөн ч, өмнө нь 287(g) хөтөлбөрт хамрагдаж байгаагүй шинэ орон нутгийн захиргаанууд шинээр гэрээ байгуулахыг хориглосон мужийн хуулийн заалтыг хэвээр үлдээсэн байна.
Шүүгч Пейн шийдвэртээ "Виржиниа мужийн шинэ хууль нь Холбооны Үндсэн хуулийн 'Гэрээний заалт' (Contract Clause) болон холбооны хуулийн давуу эрхийг заасан 'Дээд эрх зүйн заалт' (Supremacy Clause)-ыг зөрчсөн байх магадлал өндөр" хэмээн тэмдэглээд, хэрэв түр хориг арга хэмжээ авахгүй бол холбооны засгийн газарт нөхөж баршгүй хохирол учирч болзошгүй гэдгийг шийдвэрийнхээ үндэслэл болгожээ.
Энэхүү шийдвэрийн талаар Виржиниа мужийн Ерөнхий прокурор Жей Жонс (Jay Jones) нэн даруй давж заалдахаа мэдэгдэв. Жонс "Мужийн хууль тогтоох байгууллага орон нутгийн засаг захиргаа, цагдаагийн хязгаарлагдмал нөөцийг холбооны засгийн газрын үндсэн үүрэг болох цагаачлалын хяналтад зүй бусаар ашиглахаас сэргийлэх эрхтэй" хэмээгээд "Холбооны шүүхийн энэхүү түр шийдвэрийг түдгэлзүүлэх хүсэлт гаргахын зэрэгцээ нэн даруй давж заалдах ажиллагааг эхлүүлнэ" гэдгийг онцлов.
Үүний зэрэгцээ, сүүлийн үед Вашингтон ДС хотын захын бүсүүдэд холбооны эрх баригчдын цагаачлалын хяналт шалгалт эрс чангарч байгаа үед энэхүү шүүхийн маргаан өрнөж байгаа нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам (DHS)-ны мэдээлснээр, өнгөрсөн 8 дугаар сарын 1-нээс 14-ний хооронд хоёр долоо хоногийн турш Виржиниа болон Мэрилэнд муж орчмоор явуулсан ICE-ийн өргөн цар хүрээтэй шалгалтын ажиллагааны үеэр нийт 1,328 хүнийг баривчилсан байна.
