Мэрилэнд мужийн зохицуулах байгууллага цахилгаан эрчим хүчний "Пепко" (Pepco) компанийн цахилгааны тариф нэмэх хүсэлтийн хэмжээг эрс бууруулж, орон нутгийн иргэдийн өрхийн зардлын дарамтыг үлэмж хөнгөвчилжээ.
Мэрилэндийн Нийтийн үйлчилгээний хороо (PSC) өнгөрсөн наймдугаар сарын 29-нд "Пепко"-гийн гаргасан үнэ тарифын өсөлтийн саналыг хэлэлцээд, ахуйн хэрэглэгчдийн сарын дундаж төлбөрийн өсөлтийг анх хүссэн 10.24 ам.доллароос 3.94 ам.доллар хүртэл хязгаарлан баталсан тухайгаа зарлав. Энэхүү шийдвэр зарлагдсан өдрөөсөө шууд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна.
Анхандаа "Пепко" цахилгаан сүлжээний найдвартай байдлыг хангах, санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлэх шалтгаанаар орлогоо 120 сая ам.доллароор нэмэгдүүлэх хүсэлт гаргасан боловч Нийтийн үйлчилгээний хороо тэдний шаардсан хэмжээний тал хувьд ч хүрэхгүй буюу ердөө 50.9 сая ам.долларыг зөвшөөрчээ.
Түүнчлэн тус хороо Мэрилэнд мужийн Иргэдийн өмгөөлөгчийн алба, Эрчим хүчний удирдлагын газар, Орон сууц болон оффисын барилгын холбоо зэрэг байгууллагуудын гомдлыг хүлээн авч, "Пепко"-гийн "Уайт Флинт" (White Flint) дэд бүтцийн төсөлтэй холбоотой зардал нөхөн авах хүсэлтийг бүрэн няцаасан байна. Эрх баригчид уг төслийн зарцуулалтыг бодлогогүй явдал гэж үзсэн бөгөөд энэхүү татгалзсан арга хэмжээний дүнд 169.4 сая орчим ам.долларын хөрөнгийн зардлыг жирийн хэрэглэгчдэд үүрүүлэхээс сэргийлж чадсан хэмээн тайлбарлав.
Мэрилэнд мужийн захирагч Уэс Мур уг шийдвэрийг сайшааж, "Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд иргэд туйлдаж буй энэ үед аж ахуйн нэгжүүд үндэслэлгүй ашиг хонжоо хайх ёсгүй" хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
