Мэрилэнд муж Хөдөлмөрийн баярын амралтын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, эрсдэлт хүчин зүйлсийг таслан зогсоох зорилгоор томоохон хэмжээний тусгай шалгалт явуулж байна.
Мэрилэнд мужийн Тээврийн газар (MDOT) болон Мужийн цагдаагийн газар (MSP) амралтын өдрүүдэд хүний амь нас хохирохоос урьдчилан сэргийлэх, ослыг бууруулах зорилгоор муж даяар эрчимжүүлсэн эргүүл шалгалт хийж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын аяныг эрчимтэй өрнүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Эх орончдын дурсгалыг хүндэтгэх өдрөөс (Memorial Day) эхлэн Хөдөлмөрийн баяр хүртэлх зуны улирал нь зам тээврийн ослын улмаас нас барагсдын тоо хамгийн өндөр байдаг тул "Хамгийн аюултай 100 хоног" хэмээн нэрлэгддэг. Мужийн сүүлийн 5 жилийн статистик мэдээллээс үзэхэд, энэ хугацаанд гарсан зам тээврийн ослын дундаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас амиа алдсан хүний тоо л гэхэд 800 орчимд хүрсэн байна.
Мужийн цагдаагийн газар гол магистраль зам болон осол ихээр гардаг бүсүүдэд эргүүлийн хүчийг төвлөрүүлж, согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн үедээ жолоо барих (DUI) зөрчлийг эрчимтэй шалгахаар төлөвлөжээ. Цагдаагийн байгууллага энэ он гарсаар 3,500 гаруй согтуу жолоочийг илрүүлээд байгаа бөгөөд тэдний 560-ыг Балтимор бүсийн согтуугаар жолоодохтой тэмцэх тусгай хэсэг (SPIDRE) баривчилсан байна.
Шалгалт зөвхөн согтуугаар жолоодох зөрчлөөр хязгаарлагдахгүй. Хурд хэтрүүлэх болон танхай, аюултай жолоодлогыг илрүүлэх хяналтыг ч мөн эрс чангатгана. Энэ онд мужийн цагдаагийн илрүүлсэн тохиолдлуудаас хурдны дээд хязгаарыг цагт 30 миль (ойролцоогоор 48 км/ц)-ээс дээш хэтрүүлсэн 4,600 гаруй жолооч бүртгэгдсэн бөгөөд цагт 100 милиэс дээш хурдалсан 700 орчим жолооч саатуулагджээ.
MDOT жолоо барьж байхдаа ухаалаг утас ашиглах зэрэг анхаарал сарниулах үйлдлийг хориглосон "Хурдаа хас" аяныг хамтад нь өрнүүлж байна. Мөн замын засварын бүсээр дайран өнгөрөхдөө ажилчдын аюулгүй байдлыг хангах үүднээс эгнээгээ солих, явган зорчигч болон дугуйчдын аюулгүй байдалд онцгой анхаарахыг уриаллаа.
Цагдаагийн албаны төлөөлөгч "Мансууруулах бодис эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих нь энгийн нэг алдаа биш, харин бусдын амь насанд заналхийлсэн маш аюултай үйлдэл юм. Түр зуурын буруу шийдвэр олон тооны гэр бүл, олон нийтэд нөхөж баршгүй эмгэнэл авчирч болзошгүй" хэмээн анхааруулав.
Нөгөөтэйгүүр, өнгөрсөн жилийн Хөдөлмөрийн баярын амралтын өдрүүдэд (8-р сарын 25-наас 9-р сарын 1) Мэрилэнд мужид жолоодох чадвар буурснаас үүдэлтэй 150 гаруй зам тээврийн осол гарч, 4 хүн амиа алдаж байжээ.
