Шинэ хичээлийн жил эхэлж буйтай холбогдуулан Мэрилэнд муж улсын боловсролын удирдлагууд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн улаан бурхан өвчний эсрэг вакцинжуулалтын хамрагдалт буурч байгаад сэтгэл түгшиж буйгаа илэрхийллээ.
Мэрилэнд мужийн Боловсролын асуудал эрхэлсэн дарга Кэри Райт (Carey Wright) хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр "Улаан бурхан бол хүүхдийн эндэгдэлд хүргэж болзошгүй аюултай өвчин" гээд, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн вакцинжуулалтын түвшин буурч байгаа нь "түгшүүртэй дохио" гэж мэдэгдэв.
АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн (CDC) үндэсний мэдээллээс үзвэл 2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгийн хүүхдүүдийн MMR (улаан бурхан, гахайн хавдар, улаанууд) вакцины хамрагдалт 92.4% болж, өмнөх жилийнхээс (92.5%) бага зэрэг буурсан байна. Харин чөлөөлөгдөх хүсэлт гаргаж вакцин хийлгээгүй хүүхдийн хувь 3.6%-иас 4.2% болж өсжээ.
Мэрилэнд мужийн хувьд вакцинжуулалтын ерөнхий түвшин харьцангуй өндөр хэвээр байна. Тус мужийн Эрүүл мэндийн газрын мэдээгээр 2025-2026 оны хичээлийн жилд улаан бурханы эсрэг вакцины хамрагдалт 96.7% болж, өмнөх жилийнхээс (96.4%) үл ялиг өссөн байна.
Гэвч вакцинаас чөлөөлөгдсөн хувь хэмжээ нэмэгдэж байгаа нь санаа зовоож буй асуудал болоод байна. Мэрилэнд муж дахь вакцинаас чөлөөлөгдсөн үзүүлэлт өмнөх жилд 2.2% байсан бол 2.5% болж өссөн бөгөөд чөлөөлөх хүсэлтийн дийлэнх нь шашны шалтгаантай байжээ. Энэхүү судалгаанд өнгөрсөн хичээлийн жилд бүртгэгдсэн 65,469 цэцэрлэгийн хүүхдийг хамруулсан байна.
Одоогийн байдлаар Мэрилэнд мужид улаан бурхан өвчний батлагдсан 17 тохиолдол байгаа бол улсын хэмжээнд 2,566 тохиолдол бүртгэгдэж, сүүлийн 35 жилийн хамгийн дээд үзүүлэлтэд хүрээд байна.
Нөгөөтэйгүүр, өнгөрсөн наймдугаар сарын 10-нд Трампын засаг захиргаанаас хүүхдийн зөвлөмжит вакцины тоог 18-аас 11 болгон бууруулах захирамж гаргасан ч Мэрилэнд мужийн Эрүүл мэндийн газар мэдэгдэл гаргаж, муж улсын түвшинд хүүхдийн заавал хийлгэх дархлаажуулалтын хуваарийг хасахгүйгээр хэвээр үлдээнэ гэсэн байр сууриа илэрхийлсэн байна.