"Аюулгүй орон нутаг" ажиллагааг зохион байгуулж, гэмт хэрэгт холбогдож байсан 400 гаруй хүнийг баривчлав

АНУ-ын Иммиграци, гаалийн хэрэг эрхлэх газар (ICE) Вашингтон хот болон Виржиниа, Мэрилэнд муж даяар цагаачлалын өргөн хүрээтэй хяналт шалгалтын ажиллагаа явуулж, хууль бусаар оршин сууж байсан 1,328 хүнийг баривчилжээ.

Дотоодын аюулгүй байдлын яам (DHS) 24-ний өдөр хийсэн мэдэгдэлдээ энэ сарын 1-нээс 14-ний хооронд 2 долоо хоногийн хугацаанд "Аюулгүй орон нутаг ажиллагаа – Вашингтон Ди Си" (Operation Safe Community-Washington, D.C.)-г явуулсан тухайгаа мэдээлэв. Энэхүү ажиллагаа нь нийслэлийн бүсийн иргэдийн аюулгүй байдалд заналхийлж буй хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд болон хууль бус цагаачдыг онилж хэрэгжсэн байна.

ICE-ийн тоо баримтаас үзвэл хоёр долоо хоногийн хугацаанд баривчлагдсан 1,328 хүний 900 орчим нь зөвхөн цагаачлалын хууль зөрчсөн хүмүүс байсан бол үлдсэн 400 гаруй нь бэлгийн хүчирхийлэл, хүн хулгайлах, галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг, бусдын нэрээр бичиг баримт үйлдэх, дээрэм, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох (DUI), осол гаргаад зугтах зэрэг эрүүгийн хэрэгт сэжиглэгдсэн болон ял шийтгэгдсэн хүмүүс байжээ.

Ялангуяа энэхүү хяналт шалгалтаар хүнд гэмт хэрэг үйлдэн эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүд болон үндэстэн дамнасан зартай бүлэглэлийн гишүүд олноор баригдсаныг эрх баригчид онцлов. Баривчлагдсан хүмүүсийн дунд хүн амины хэргээр эрэн сурвалжлагдаж байсан Сальвадор улсын иргэн, хүн амины хэрэг үйлдэхийг завдсан болон танхайрсан хэрэгт холбогдож байсан Гаити улсын иргэн, хүнд гэмт хэрэг үйлдэж байсан Гондурас улсын иргэн зэрэг багтжээ. Түүнчлэн Латин Америкийн томоохон бүлэглэлүүд болох "MS-13" болон "18-р гудамжны бүлэглэл" (18th Street Gang)-ийн гишүүдийг газар дээр нь баривчилсан байна.

Энэхүү ажиллагаа нь Вашингтон хотын төвөөс илүүтэй Виржиниа, Мэрилэнд муж зэрэг нийслэлийн бүсийн захын дүүргүүдэд голлон чиглэсэн байна. ICE-ийн ажилтнууд гэмт хэрэгт холбогдож байсан хууль бус оршин суугчдыг мөрдөн шалгах явцдаа цагаачлалын ерөнхий зорилтот шалгалтыг давхар явуулсан гэж мэдээлжээ.

ICE-ийн Гүйцэтгэх болон албадан гаргах ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Патрисия Хайд "ICE-ийн ажилтнууд мөрдөн шалгалтаас зугтаж нуугдсан этгээдүүдийг илрүүлэх өндөр чадвартай" хэмээгээд, "Виржиниа, Мэрилэнд, Ди Си орчмоос гэмт хэрэгт холбогдсон хууль бус оршин суугчдыг албадан гаргаснаар орон нутгийн аюулгүй байдал эрс сайжирна" гэж мэдэгдэв.

Нөгөөтэйгүүр, энэхүү ажиллагаа нь өнгөрсөн сард Жоржиа мужид хууль бусаар оршин сууж байсан гэмт хэрэгт холбогдсон 1,200 гаруй хүнийг баривчилсан "Атланта ажиллагаа"-ны дараа хэрэгжсэн томоохон цуврал шалгалтын нэг хэсэг юм. Холбооны эрх баригчид цаашид ч орон нутгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ийм чиглэсэн хяналт шалгалтыг үргэлжлүүлэн явуулах төлөвлөгөөтэй байна.