Мэрилэнд муж улсын эрүүл мэндийн байгууллага мужийн хэмжээнд улаан бурхан өвчний тохиолдол огцом нэмэгдсэнтэй холбогдуулан Сент Мэрис, Кэрролл, Сесил зэрэг 3 тойрогт улаан бурхан өвчний дэгдэлт (Outbreak) гарсныг албан ёсоор зарлалаа. Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан вакцин хийлгээгүй иргэдийн дунд халдвар нэмэгдэж байгаа тул оршин суугчдыг онцгой сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Мэрилэндийн Эрүүл мэндийн газрын (MDH) мэдээлснээр, 24-ний өдөр вакцин хийлгээгүй 14 хүнээс нэмж халдвар илэрснээр Сент Мэрис (St. Mary's), Кэрролл (Carroll), Сесил (Cecil) тойргийн бүс нутагт улаан бурхан өвчний яаралтай сэрэмжлүүлэг зарласан байна.
Энэ онд Мэрилэнд муж даяар бүртгэгдсэн улаан бурхны батлагдсан тохиолдол нийт 31 болжээ. Үүнээс 7-р сарын 15-наас хойш бүртгэгдсэн 27 тохиолдол нь бүгд "вакцин хийлгээгүй" хүмүүс байсан нь тогтоогдсон байна.
Бүс нутгаарх халдварын байдлыг (7-р сарын 15-наас хойш) авч үзвэл: ▲Сент Мэрис тойрогт 13 тохиолдол, ▲Кэрролл тойрогт 8 тохиолдол, ▲Сесил тойрогт 5 тохиолдол, ▲Чарльз тойрогт 1 тохиолдол тус тус бүртгэгджээ. Эрүүл мэндийн байгууллагаас "Аз болоход олон нийтийн газраар дамжсан халдвар бүртгэгдээгүй бөгөөд ихэнх халдвар нь өрхийн хүрээнд (хамт амьдрагчдын дунд) ойрын хавьтлаар үүссэн байна" гэж мэдээлэв.
Үндэсний Хүүхдийн Эмнэлгийн (Children's National Hospital) албаны хүн "Улаан бурхан нь халдварлах чадвар хамгийн өндөртэй вирусийн нэг бөгөөд үүнээс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь вакцинжуулалт юм" хэмээн онцлоод, "Улаан бурхнаар өвчилсөн 1 хүн дархлаагүй 10-13 хүнд халдвар тараах боломжтой" гэж тайлбарлав.
Улаан бурхан өвчний вирусээр вакцин хийлгээгүй хүн халдварлах магадлал 90%-д хүрдэг бөгөөд халдвар авсан хүмүүсийн 1-2% нь нас барах эрсдэлтэй аюултай өвчин юм. Гол шинж тэмдгүүд нь 7-14 хоногийн нууц үеийн дараа өндөр халуурах, ханиалгах, нус гоожих, коньюнктивит (нүдний салст бүрхүүлийн үрэвсэл) үүсэх ба толгойноос эхлэн бүх биеэр улаан тууралт гардаг.
Хүүхдүүдийн хувьд 12-15 сартайд 1-р тун, 4-6 насанд 2-р тун MMR (улаан бурхан, гахайн хавдар, улаанууд) вакциныг хийлгэх шаардлагатай.
Мэрилэнд муж улсын Эрүүл мэндийн газар орон нутгийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан MMR вакцины хамралтыг эрс нэмэгдүүлж байгаа бөгөөд энэ он гарсаар мужийн хэмжээнд 106,000 гаруй тун MMR вакцин хийгээд байгаагаа мэдэгдэв.
Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч "Шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө хүүхдүүдийнхээ вакцинжуулалтын бүртгэлийг дахин нэг нягталж, вакцинд бүрэн хамрагдаагүй иргэд аль болох хурдан эрүүл мэндийн төв эсвэл өрхийн эмчдээ хандан вакцинжуулалтаа дуусгахыг" хатуу уриаллаа.