АНУ-ын Дээд шүүх Цагаан ордон дахь хүлээн авалтын танхимыг өргөтгөх барилгын ажлыг түр зогсоох тухай доод шатны шүүхийн шийдвэрийг түдгэлзүүлснээр уг бүтээн байгуулалтын ажил тодорхой хугацаанд үргэлжлэх боломжтой боллоо.
Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Жон Робертс Трампын засаг захиргаанаас ирүүлсэн яаралтай давж заалдах гомдлыг хянан үзэх хугацаа авахын тулд Цагаан ордны хүлээн авалтын танхимын барилгын ажлыг зогсоох тушаалыг захиргааны журмаар түр түдгэлзүүлэх (Administrative Stay) шийдвэр гаргаснаа мэдэгдэв. Үүний үр дүнд давж заалдах шатны шүүхээс тогтоосон барилгын ажлыг зогсоох хугацаа түр зогсоод байна.
Өмнө нь давж заалдах шатны шүүх томоохон хэмжээний хүлээн авалтын танхим шинээр барих төсөл нь Конгрессын зөвшөөрөл шаардах магадлал өндөр гэж үзэн барилгын ажлыг зогсоох шийдвэр гаргаж байсан юм. Дээд шүүхийн захиргааны түр түдгэлзүүлэлт нь ихэвчлэн хэд хоног үргэлжилдэг бөгөөд энэ хугацаанд шүүх бүрэлдэхүүн барилгын ажлыг зогсоох эсэх талаарх урьдчилсан эцсийн шийдвэрийг гаргах болно.
Ерөнхийлөгч Трамп Truth Social сүлжээгээрээ дамжуулан "Цагаан ордонд баригдаж буй цэрэг болон хүлээн авалтын танхимын цогцолбор байгууламж нь үндэсний аюулгүй байдалд нэн чухал" хэмээн онцлоод, энэхүү шийдвэрт талархал илэрхийлэв.
Засгийн газрын зүгээс хүлээн авалтын танхимын барилгын ажил нь газар доорх 5 давхар бүхий цэргийн болон онцгой байдлын нуувч, хоргодох байгууламж барих төсөлтэй холбоотой бөгөөд энэ нь Ерөнхийлөгч болон төрийн өндөр албан тушаалтнуудын хувийн аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой гэж үзсээр ирсэн. Нийт 600 сая ам.долларын өртөгтэй уг төслийн хүрээнд хүлээн авалтын танхим нь пуужингийн цохилтод тэсвэртэй багана, дроноос хамгаалах дээвэр зэргээр тоноглогдож, газар доорх байгууламжийг хамгаалах бамбай болж өгөх юм.
Нөгөөтэйгүүр, Түүхэн дурсгалт өвийг хамгаалах үндэсний сан (National Trust for Historic Preservation) уг барилгын ажил нь Цагаан ордны түүхэн үнэ цэнэ, өнгө үзэмжийг алдагдуулж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэтрүүлэн ашигласан үйлдэл хэмээн үзэж, барилгын ажлыг зогсоох тухай нэхэмжлэл гаргаад байгаа юм.
Дээд шүүх засаг захиргааны яаралтай түдгэлзүүлэх хүсэлтийг эцэслэн хүлээн авах эсэх нь нэмэлт шүүх хурлын дараа тун удахгүй шийдэгдэх төлөвтэй байна.