WalletHub-ийн судалгаа: Цалингийн зөрүү их, эмэгтэй удирдах албан тушаалтан болон улс төрчдийн эзлэх хувь бага байна
Ажлын байрны орчин, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон салбарт хүйсийн тэгш бус байдал илрэв
Виржиниа муж нь АНУ-ын хэмжээнд эмэгтэйчүүдийн эрх, тэгш байдлын түвшин хамгийн доогуур мужуудын нэгээр нэрлэгдсэн судалгааны дүн гарчээ.
Санхүүгийн мэдээллийн 'WalletHub' байгууллагаас гаргасан "2026 оны эмэгтэйчүүдийн тэгш эрхийн шилдэг болон хамгийн тааруу мужууд" тайланд дурдсанаар, Виржиниа муж нийт 50 мужаас 43-р байранд орж, "эмэгтэйчүүдэд хамгийн тэгш бус 8 дахь муж" гэсэн таагүй үнэлгээг авсан байна.
WalletHub нь АНУ дахь эмэгтэйчүүдэд хэр шударга хандаж байгааг хэмжихийн тулд нийт 17 гол үзүүлэлтийг харьцуулан шинжилжээ. Үүнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн орлого болон ажилгүйдлийн түвшний зөрүү, эмэгтэй хууль тогтоогчид ба компанийн удирдах албан тушаалтнуудын эзлэх хувь, магистр, докторын зэрэгтэй өндөр боловсролтой эмэгтэйчүүдийн эзлэх хувь зэрэг багтсан байна.
Энэхүү судалгааг төрийн байгууллагууд, судалгааны тэргүүлэх ашгийн бус байгууллагууд болон боловсролын байгууллагуудын хамгийн сүүлийн үеийн тоон мэдээлэлд үндэслэн хийжээ.
Шинжилгээний үр дүнгээс харахад Виржиниа муж ажлын байрны орчин, эдийн засгийн боломж, боловсролын түвшин, эрүүл мэнд болон улс төрийн төлөөлөл зэрэг олон талт үзүүлэлтээр доогуур оноо авсан байна. Ялангуяа удирдах түвшний албан тушаал хашиж буй эмэгтэйчүүдийн тоо, өндөр боловсролын зөрүү болон цалин хөлсний ялгаварлан гадуурхалтын үзүүлэлтээр сүүл мушгиж, хүйсийн тэгш бус байдал ноцтой байгаа нь илэрчээ.
WalletHub-ийн шинжээч "Эмэгтэйчүүдийн тэгш байдлыг хангах нь зөвхөн хууль ёсны эрх олгохоос гадна санхүү, эдийн засгийн боломж, боловсрол, улс төрийн салбарт бодит тэгш хандлагыг хүртэх орчныг бүрдүүлэх явдал юм" хэмээн онцлоод, мужийн захиргааны зүгээс сайжруулах арга хэмжээ авах шаардлагатай байгааг тэмдэглэв.