Өнгөрсөн сарын 10-нд Виржиниа мужийн Фолс Чёрч хотын Бэйлис Кроссроудс (Bailey’s Crossroads) дүүрэгт Холбооны Иммиграц, гаалийн хяналтын газрын (ICE) ажилтан АНУ-ын иргэн эмэгтэй рүү буу тулгасан хэрэг гарч, энэ үеэр бичигдсэн дүрс бичлэг цацагдсан нь ихээхэн шуугиан тарьж байна.

Хэргийн эзэн Каролина Молина (Carolina Molina) Инстаграм хуудсандаа нийтэлсэн бичлэгт нүүрээ багаар хаасан ICE-ийн ажилтан машинд нь байсан түүн рүү буу тулган "Чи намайг дайрах гэж байсан биз дээ?" хэмээн орилж байгаа нь үлджээ. Виржиниа мужийн иргэн, хоёр хүүхдийн ээж Молина "Худал ярихаа боль. Машины камерт бүгд бичигдэж байгаа" гэж шууд эсэргүүцсэн байна. Ажилтнууд түүнийг хэргийн газарт баривчлалгүй явуулсан ч дараа нь хууль сахиулах байгууллагаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх магадлалтай тухай яригдаж байна.

Иммиграцын хуулийн фирмд сэтгэл зүйн дүгнэлт гаргадаг мэргэжилтнээр ажилладаг Молина орон нутгийн Fox5 сувагт өгсөн ярилцлагадаа "Үдээс хойш 15:00 цагийн орчимд Колумбиа Пайкийн ойролцоо ICE-ийн ажилтнууд хоёр эрэгтэйг баривчлахыг хараад машины цонхоо буулган эсэргүүцсэн" хэмээн тухайн үеийн нөхцөл байдлыг ярьжээ. Тэрээр ажилтнуудын мөрдөн дагахаас зайлсхийхийн тулд буцаж эргэх үед нөхцөл байдал огцом хурцадсан гэж тайлбарлав.

Молина "Гар утсаараа бичлэг хийж эхлэхэд ажилтнууд намайг машинаар дайрахыг заналхийлсэн гэж байр сууриа өөрчлөн, баривчилна хэмээн сүрдүүлсэн" гээд "АНУ-ын иргэн гэдгээ хэлсэн ч 'хамаагүй' гэсэн хариу өгсөн" хэмээн бухимдан ярьжээ.

Үүний эсрэг Дотоодын аюулгүй байдлын яам (DHS) мэдэгдэл хийж "Захиалгат баривчилгааны үеэр ICE-ийг эсэргүүцэгч нэгэн этгээд баривчилгаанд саад учруулж, ажилтнуудыг машинаар мөргөх гэж оролдсон" хэмээгээд "Аюул заналхийлэл мэдэрсэн ажилтнууд хууль ёсны дагуу тээврийн хэрэгслийг зогсоосон бөгөөд тухайн эмэгтэй эрүүгийн хэрэгт татагдаж магадгүй" гэж тайлбарласан байна.

Энэ хооронд тус тойргоос сонгогдсон Холбооны Төлөөлөгчдийн танхимын гишүүн Дон Байер (Don Beyer) X (хуучнаар Твиттер) хуудсаараа дамжуулан "Бичлэгт үлдсэн ICE-ийн ажилтны аюултай бөгөөд зөвтгөх боломжгүй эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан явдлыг дуугүй өнгөрөөж болохгүй" хэмээгээд "Дотоодын аюулгүй байдлын яамнаас үнэн мөнийг бүрэн шалгаж, холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг хатуу шаардах болно" гэж мэдэгдэв.